Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Сум хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
- Мэдээ мэдээлэл сэтгүүл
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Монгол, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааны таван тулгуурын нэг нь орон нутгийн хамтын ажиллагаа, иргэдийн солилцоог дэмжиж, соёл аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл билээ. Тэгвэл өнөөдөр манай хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагаанд дахин шинэ хуудас нэмсэн үйл явдал болж байна. Тухайлбал, Төв Аймгийн Эрдэнэ сум болон Борнуур сум БНСУ-ын Өмнөд Гёнсан аймгийн Намхэ сумтай хэлхээ холбоо тогтоож, Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах ёслол БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд болов.
Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр, Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг, Монгол Улсын Соёлын элч Г.Отгонтөгс, УИХ-ын гишүүний зөвлөх Б.Ганбат, БНСУ-ын Өмнөд Гёнсан аймгийн Намхэ сумын Засаг дарга Жан Чүн Нам нарын төлөөлөгчид оролцож, орон нутгийн хамтын ажиллагааг нэн ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт түлхүү хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Элчин сайд Э.Сарантогос хэлсэн үгэндээ орон нутгийн хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, манай хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бүхий л орон нутагт өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, хоёр орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын солилцоонд онцгой анхаарахыг сумдын Засаг дарга нараас хүслээ.